Энэхүү арга хэмжээ нь хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”, Автотээврийн тухай” хууль болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтлэг мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвөлгөө өгөх, эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм. Нэгдсэн арга хэмжээний үеэр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд хүн ба ачаа тээвэрлэх дүрэм журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илэрүүлэлт шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, зөрчил хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж ажиллах юм. Уг үйл ажиллагааг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Дундговь дахь авто тээврийн төв хамтран зохион байгуулж байна.