Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21,22-ны өдрүүдэд НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт зохион байгуулж байна. 21 дахь удаагийн улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Алтан гадас”, “Мөнгөн дуулга”, “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер, I, II, III зэрэгтэй нийт 21 багийн 200 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Харин тэмцээний нэгдсэн дүнгээр гуравдугаар байранд 20 оноогоор Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58-р анги, хоёрдугаар байранд 18 оноогоор, Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р анги, нэгдүгээр байранд 9 оноогоор, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р анги шалгарч 2018 оны улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга болов, Манай баг тамирчид багийн дүнгээр 13 дугаар байранд орсон байна. Тэмцээний үеэр тус газраас уг спортоор хичээллэж тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан олон улсын хэмжээний мастер Г.Шинэхүү, спортын мастер Б.Батжаргал, Б.Одбаяр нар зодог тайлж ГУТОТС холбоо, ОБГ болон хамт олноос хүндэтгэл үзүүллээ.