Эрүүл мэндийн газраас гадаад хамтын ажиллагааны хүрээнд “Энх тайвны корпус”-тай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2003-2004, 2004-2005, 2010-2011, 2011-2012, 2013-2014 онуудад тус тус нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн чиглэлээр сайн дурын ажилтнуудыг авч ажиллуулж байсан.
Мөн Жайкагийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран 2017 оны 02 сараас 2018 оны 09 сар хүртэл 1 жил 7 сарын хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн сувилагч мэргэжилтэй Японы сайн дурын ажилтан Амемия Юриког Эрүүл мэндийн газарт авч ажиллууллаа.
Энэ хугацаанд сайн дурын ажилтан Амемия Юрико нь Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран бага насны хүүхдүүдэд “Гарын эрүүл ахуй”, “Амны хөндийн эрүүл ахуй”-н чиглэлээр, насанд хүрэгчдэд “Эрүүл зөв хооллолт”, “Амьдралын зөв дадал хэвшил”-ийн чиглэлээр тус тус сургалт, мэдээлэллийг хийж, иргэдийн таргалалттай байгаа байдал нь амьдралын хэв маягтай холбоотой байгаад судалгаа хийж, дүгнэлт зөвлөмж гаргаж ажилласны дээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, сэргээн засах, мэдрэл, дотрын эмч, сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бусад сайн дурын ажилтнуудтайгаа хамтран чадавхжуулах сургалтыг мөн хийж ажилласан юм.
Энэ нь манай аймгийн Эрүүл мэндийн салбарын түүхэн үйл ажиллагаанд нэгээхэн хэсгийг эзлэхийн зэрэгцээ 21-р зуунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болж байгаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн гадаад хамтын ажиллагааны нэгэн хэсэг болж байна.
2018 оны 09 сарын 05-ны өдөр Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын сайн дурынханы зохицуулагч Ямада Нао ирж сайн дурын ажилтан Амемия Юрикогийн томилгоот хугацаандаа хийсэн ажилтай танилцаж ажиллаж 2 талын хамтын ажиллагаа зорьсон үр дүндээ хүрснийг цохон тэмдэглэсэн юм.
Ингээд бидний ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Жайкагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар болон бидэнтэй нэг хамт олон болж орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан Жайкагийн сайн дурын ажилтан, нийгмийн эрүүл мэндийн сувилагч Амемия Юрикодоо талархал илэрхийлье.