Дундговь аймгийн Музейгээс“Дундговь аймгийн түүх, соёлын дурсгалын судалгаа, өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулаа.
Эрдэм шинжилгээний хуралд Түүх археологийн хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн ажилтан, дэд профессор Я.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан, Дундговь аймгийн утга зохиолын нэгдийн тэргүүн Ж.Мөнхтөр, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа, зохиолч, сэтгүүлч, Зава Дамдин судлаач Х.Шонхор, судлаач, ахмад статистикч Ц.Лхүндэвдорж нар оролцож, “Дундговь аймаг дахь чулуун зэвсгийн үеийн олдворуудын тухай”, “Сайхан – Овоо сумын Онгийн хийдийн үүсгэн байгуулагч, их номч, хутагт хувилгаан Дамцагдоржийн намтар түүхээс”, “Дундговь аймгаас алдартан гавьяатан төрдгийн учир шалтгаан”, “Дэл уулын соёлын өвийн хадгалалт хамгаалалт”, “Зава Дамдины холбогдох түүх соёлын дурсгалт газрууд”, “Дундговь аймгийн түүхийн он дараалал, алдартнуудын тухай” сэдэвт илтгэлүүдийг тавьсан байна.
Тус хурлыг зохион байгуулахад Түүх археологийн хүрээлэн, аймгийн Засаг даргын тамгын газар, БСУГ, БОАЖГ, Их гэзрын чулууны БЦГЗ, МСҮТ, Цагдаагийн газар, Төв номын сан, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Хүмүүнлэг сургууль, Утга зохиолын нэгдэл, Өлзийт сумын ИТХ, ЗДТГ тус тус хамтран ажиллажээ.