Дундговь аймгийн 5 ерөнхий боловсролыг сургууль болон МСҮТ-ийн нийт 300 орчим ахлах ангийн сурагч, эко клубын гишүүд "Ногоон паспорт" гардаж, өсвөрийн байгаль хамгаалагчид боллоо. Мөн хаягдал зай хураах савыг сургуулиудад хүлээлгэж өглөө.
Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой уг аянаар IX-XII ангийн сурагчдад "Ногоон паспорт" олгож байгаа аж.
Тус паспорт нь 12 хуудастай бөгөөд хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай бөгөөд эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болж, сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх, байгаль эхтэйгээ зөв харьцах хөшүүрэг болох юм.