Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчний үндэсний төвтэй хамтран “Улаанбурхан, Халдвар саа өвчний тандалтыг эрчимжүүлье” бүсийн сургалтыг 2017 оны 09 сарын 14-ны өдөр аймгийн төвд зохион байгуулж, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгуудын Эрүүл мэндийн газруудын халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан 24 эмч, мэргэжилтэн болон манай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус тус хамрагдлаа.
Сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх Wajid, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Содбаяр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны эмч нар оролцон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн улс орнуудын Халдварт өвчнийг бууруулах зорилт, Монгол улсын хэмжээнд 2015-2016 онд дэгдэлт хэлбэрээр гарсан Улаанбурханы өвчлөл, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдлын сургамж, Халдварт саа, улаанбурхан өвчний тандалтын стандарт зэргээр сургалт хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа.
Манай аймгийн хувьд 2015-2016 оны Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн нэмэлт дархлаажуулалтыг 06-59 сартай хүүхдүүд болон 18-30 насны залуучуудыг хамруулан амжилттай зохион байгуулж, аймгийн хэмжээнд 85,2%-ийн хамрагдалттай ажилласан байдаг. Мөн 2016 онд Халдварт саагийн 3–цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, өнөөдөр товлолын дархлаажуулалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримтлалын дагуу Халдварт саагийн 2 цэнт вакциныг хийж байна.