Аймгийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газраас 429-р хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран Гурвансайхан, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумдад “Сүрьеэгүйн ирээдүйн төлөө хамтдаа-1” аян болон “Эрүүл цус-2” аяны үйл ажиллагааг 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаагаар хөдөөгийн малчид болон аймгийн төвөөс алслагдсан хүн амд хүрч очин, нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийн ажиллаж байгаагийн дээр дижитал зөөврийн рентген аппаратны тусламжтай цээжний рентген оношлогоог хийн ажиллаж байгаа юм.
Мөн сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, иргэдэд “Сүрьеэ эдгэрдэг өвчин, түүний урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийгдсэн. Хуваарийн дагуу 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Угтаал суманд, 10 дугаар сарын 18-ны өдөр Гурвансайхан суманд аяны үйл ажиллагааг тус тус зохион байгуулан 343 хүнийг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, иргэд 237 хүнд сургалт хийж ажиллалаа.
Түүнчлэн аяны үйл ажиллагааг 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Эрдэнэдалай суманд, 10 дугаар сарын 21-ний өдөр Адаацаг суманд, 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд Сайнцагаан сум, аймгийн төвд зохион байгуулна.