Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт үнэ төлбөргүй хамруулах”-аар тусгасан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэнд жилд нэг удаа “Багц урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоо”-гоор хийхээр боллоо.
“Багц урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоо”-г дөрвөн насны ангилалаар буюу 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насны ангиллаар зохион байгуулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна.
Даатгуулагчид 18-34 насны иргэдийн урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой юм.
Дээрх тусламж үйлчилгээ нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэх тул иргэн та “Багц урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоо”-ндоо жил бүр эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй хамрагдаарай.