Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай ба урд талаараа Өмнөговь, баруун талаараа Өвөрхангай, хойд талаараа Төв, зүүн талаараа Говьсүмбэр, Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршдог. Улаанбаатар хотоос 280 км зайтай, 74,7 мянган ам км нутаг дэвсгэртэй. Хүн амын дийлэнх хувийг халхчууд эзэлдэг. 2017 оны жилийн эцсийн байдлаар 46 383 хүн ам, 14 556 өрх, 13 458 хүүхэд багачууд амьдарч байгаа юм.