Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье” аймгийн чуулганыг 2018.11.27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг УИХ-н гишүүн Д.Дамба-Очир, аймгийн Засаг дарга, Зол жинст ХХК, Очирт тулга ХХК, МНЧ ХХК, Дамиахүү ХХК дэмжин ажиллаж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зохион байгууллаа. Чуулганд15 сумын Засаг дарга,Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нийт 148 хүний бүрэлдэхүүнтэй чуулсан. Энэ удаагийн чуулган нь чуулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн гэсэн 2 хэсгээс бүрдсэн юм.
Нэг: Чуулган
Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт “Хандлагыг өөрчилж-Хамтдаа хөгжье” уриан дор болж 15 сумын 148 төлөөлөл ирж оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, асран хамгаалагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн хамгааллын асуудал, хөдөлмөр эрхлэх боломжийг танилцуулж, тулгамдаж байгаа асуудлыг сонсох, санал санаачилгыг орон нутгийн удирдлагад уламжлах зорилгоор энэхүү чуулганы үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Чуулганыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан бөгөөд чуулганы үйл ажиллагааг нээж Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажиллахаа илэрхийлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа мэдээлэл хийж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнээ холбооныхоо 2018 оны ажлын тайланг танилцуулсан байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжууд, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын ажлын чиг үүргийн тухай, Хүний эрхийн тухай зэрэг асуудлаар мэдээллийг холбогдох албаны хүмүүс хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтаас аймаг сумдын Засаг дарга нарт хандаж эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцийн орчин зэрэг чиглэлээр уриалга гаргасан байна. Чуулганы үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ амжилттай ажиллаж байгаа 4 иргэнд Аймгийн Хүндэт тэмдэг, Жуух бичгээр шагнаж урамшуулсан аж.
Хоёр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн
Чуулга уулзалтын үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж төлөөлөгч болон оролцогч нарт танилцууллаа. Тус үзэсгэлэнд 12 сумын 30 иргэний 124 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэн үзүүлснээс 14 иргэний бүтээл шалгарч “БАТЛАМЖ” гардан авсан юм.