Манай аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2006 онд батлагдсан бөгөөд тухайн үеийн нийгэм эдийн засгийн мэдээлэл дээр үндэслэн боловсруулагдсан нь өнөөгийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдахгүй болсоноор хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Иймд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу шаардлагатай хөрөнгийг 2018 оны орон нутгийн төсөвт тусгуулан тус аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх №ДУГАОНӨГ/201812005 тоот гэрээг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг дарга “Вектор мэп” ХХК-тай байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цогц байдлаар шийдэх зорилгоор сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хөрөнгийг сумдууд орон нутгийн төсөвт тусган тус ажил үе шаттайгаар хийгдэж байна. Орон нутгийн зүгээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.17 дахь заалт “Газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх” гэсэн заалтын дагуу цаг хугацаанд нь хяналт тавин ажиллаж байна.
“Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх” ажлын хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, тус газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, мэргэжилтэн С.Дэнсмаа, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Газрын даамлууд, Мал эмнэлэгийн үржлийн тасгийн дарга нар, Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Вектор мэп” ХХК-ний захирал Ш.Наран-Очир “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэх” ажлын танилцуулгыг хийж тус байгууллагын дарга Э.Чагнаадорж ерөнхий төлөвлөгөө шинэчлэх ажлын хяналтын талаар мэдээлэл хийлээ. Оролцогчид ХАА-н газар, Хот тосгон бусад суурин газар, Зам шугам сүлжээний газар, Ойн сан болон усан сангийн газар, тусгай хэрэгцээний газар гэсэн ангилалаар хэлэлцүүлэг явуулж гарсан саналыг хүлээн авч төлөвлөгөөнд тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн 2018 оны 12 сарын 04-ний ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.