“НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗАЯ” ВИДЕО УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №189 тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” –ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6., Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” тогтоол гарсан. Уг тогтоолд бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон.
Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах талаар тогтоосон хууль тогтоомжийг заавал мөрдөх нь бүх нийтийн үүрэг юм.
Хоёр. Зорилго
Байгаль орчин, хүрээлэн буй орчин, нийтийн эрх ашгийг хамгаалах сурталчлах түүний ач холбогдлыг ойлгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг дэмжих зорилгоор “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗАЯ” уриан доор видео уралдааныг орон даяар зарлаж байна. Уг уралдаанаар нийлэг уутны байгаль орчинд учруулах хор нөлөөг нийтэд сурталчлах, мэдээлэл өгөх, хүүхэд залуусын хадлагыг өөрчлөх үндсэн зорилготой.
Гурав.Хамрах хүрээ
Монгол орны 21 аймгийн ЕБС-ийн 9,10,11-р ангийн “Ногоон паспорт” эзэмшигч сурагч, эко клубын сурагч, эко клуб удирдсан багш
Дөрөв.Тавигдах шаардлага
Энэхүү уралдаан нь бүх нийтэд нийлэг уутны байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг сурталчилсан, уриалсан бичлэг хэлбэртэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.
А. Ерөнхий шаардлага
Орон нутгийн ЕБС-н 9,10,11-р ангийн “Ногоон паспорт” эзэмшигч, эко клубын сурагч байх
Уралдааны зорилгыг хангасан байх
Бүтээлч сэтгэлгээг илэрхийлсэн байх
Утга агуулга тодорхой байх
Уралдаанд оролцогч нь аймаг, сургууль, анги, эко клубын нэр, өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаараа бичлэгийн эхэнд тодорхой оруулж өгсөн байна.
Уралдаанд оролцох багийн бүрэлдхүүн 8 хүртэл байж болно.
Жич: Бүрэлдэхүүнд заавал хариуцсан багш байна.
Б. Техникийн шаардлага
1. Бүтээлийг info@ecc.gov.mn хаягт илгээсэн байх
2. Дуу, дүрсний чанар хангасан байх
3. Хугацаа 30 секундээс 1 минут байх
Тав. Хугацаа
Бүтээлийг 2019.02.01-2019.02.25-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.
Зургаа.Шалгаруулалт
Заасан хугацаанд ирсэн бүтээлийг БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн хянаж үзээд аймаг тус бүрээс 1 байр шалгаруулна.
Долоо.Шагнал
БОАЖ-ын сайдын Өргөмжлөл
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ ” амрах эрхийн бичиг
Шалгарсан бүтээлийг ЦУНБХТ-н албан ёсны пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд түгээх, сошиал челленж өрнүүлэх
Найм.Зохион байгуулагч
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”(УТҮГ), Байгаль хамгаалах сан
Хаяг: ХУД, 11-р хороо Зайсангийн гудамж -9 “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв” ( Их танхим )
Холбоо барих: 70107644