“Элэг, бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газар нь Нэгдсэн эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулан 3 талын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг баталлаа.
Гэрээгээр Эрүүл мэндийн газар нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, мэргэжлийн арга зүй, удирдлагаар ханган хяналт тавьж ажиллах ба анхан шатны өрх, сумын эрүүл мэндийн төвүүд орон нутгийн 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулан, шинжлүүлэгчийн сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт сорьц тээвэрлэлтийн журмын дагуу илгээх, аймгийн Нэгдсэн эмнэлэг нь элэгний В, С вирусийн халдвартай иргэнийг хяналтанд авч, гуравдугаар шатлалын лавлагаа лабораториудад шинжилгээ, оношилгоог хийлгэн, шаардлагатай иргэдийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулан хянах бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалтай гэрээ байгуулан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрт, илрүүлэг шинжилгээний багц”-ыг гүйцэтгэлээр олгож ажиллах юм.
40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд үнэгүй хамрагдаарай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР.