Зөвлөгөөн 2 өдөр үргэлжилсэн бөгөөд зөвлөгөөнд Аймгийн засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, 2 өрхийн эрүүл мэндийн төв, 15 сумын эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл болон сумдын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нийт 60 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, алдаа оноо, 2019 онд дэвшүүлсэн зорилго, зорилт хэрэгжүүлэх арга зам, цаашид анхаарах асуудлынхаа талаар хэлэлцэн санал бодлоо солилцсон бөгөөл Эрүүл мэнд 8/20 зорилгод нэгдэж дараах зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
1. Анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.
2. Оношлогоо эмчилгээний орчин үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулна.
3. Эмийн тусламж үйлчилгээг сайжруулна.
4. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийг эрчимжүүлэн ажиллана.
5. Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр стратегуудыг эрчимжүүлэн ажиллана.
6. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна
7. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлна
8. Бүх шатанд диспансерийн хяналтыг сайжруулах зорилт тавин ажиллахаар боллоо.
Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлж нэгдүгээр байрыг Дэрэн сумын эрүүл мэндийн төв, хоёрдугаар байрыг Өндөршил сумын эрүүл мэндийн төв, гуравдугаар байрыг Гурвансайхан сумын эрүүл мэндийн төв тус тус эзэллээ.
Мөн 2018 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмийн эргэлтийн сангийн шилдэг ажилтнаар нэгдүгээр байрыг Өндөршил сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Мөнхцэцэг, хоёрдугаар байрыг Гурвансайхан сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Очгэрэл, гуравдугаар байрыг Говь-Угтаал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Наранцацралт нар тус тус шалгарлаа.