“Эх дэлхийн цаг” нь Дэлхийн байгаль хамгаалах сангaac жил бүр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт болдгоороо онцлогтой. “Эх дэлхийн цаг” эдүгээ дэлхийн 180 гаруй орныг нэгтгэсэн байгаль орчны төлөөх дэлхийн хамгийн том олон нийтийн хөдөлгөөн болоод байна. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт эрчимжин, биологийн олон янз байдал хурдтайгаар үгүй болж, манай гаригийн хувьд томоохон заналхийлэл болоод байгаа учраас бид “Эх дэлхийн цаг”-ийг хүмүүсийг дэлхийтэй холбох гол хөдөлгөгч хүч болгохыг зорьж байгаа юм.
“Эх дэлхийн цаг” нь байгаль дэлхийдээ хайр гамтай байхыг уриалсан бэлгэдэл төдийгүй, эх дэлхийнхээ уур амьсгалыг хадгалах, хязгаарлагдмал нөөцийг нь хайрлахад шийдмэг арга хэмжээ авахыг уриалж буй үйл ажиллагаа билээ. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эко системд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөө 2050 он гэхэд хүн төрөлхтний эрчим хүч, ус, хүнсийг хангаж, хог хаягдлыг агуулахын тулд дахин өөр гараг хэрэг болно. Тиймээс эх дэлхийгээ энэ хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бүхий л түвшинд мэдээлэл хүргэх шаардлагатай.
Энэхүү үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг болохоор хүмүүс ямар цахилгаан хэрэгслээ унтраахаа өөрсдөө шийддэг. Харин хотуудын засаг захиргаа хотын объектуудын гэрэлтүүлгийг унтраах санаачилга гаргадаг байна.
Хэдийгээр нэг цагийн турш гэрэл унтрааснаар дэлхийн экологийн байдал илт сайжрахгүй ч энэхүү арга хэмжээ нь манай гарагийн иргэдэд цахилгаанаа хэмнэснээр агаарт цацагдах хорт хаягдлаа бууруулах, сэтгэл зүтгэлтэй хүн бүр эх дэлхийнхээ эрүүл мэндийг хадгалахад хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
Монгол улсын хувьд 2010 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор Ховд, Хэнтий, Архангай, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгуудад тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Дундговь аймгийн хувьд энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ- ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗЪЯ”
АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
2019.03.26
ЗОРИЛГО: Гялгар уутыг хэрэглээнээс халах, гэрэл унтрааж, цахилгаан бага ч болов хэмнэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал учир уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2019.03.30
2019.03.30-ны Бямба гарагт 20.00-21.30 цагт Мандалговь хотын Чагдаржавын талбайд
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Байгаль орчин, аялал жуулчлалын газар
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ДЭМЖИГЧИД:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Ус, цаг уур, орчны шинжилгээний алба
ХАМРАХ ХҮРЭЭ: Аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд
АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:
Цаг, хугацаа | Үйл ажиллагаа |
20.00-20.10 | “ЭХ ДЭЛХИЙН ЦАГ” гэж юу вэ? - мэдээлэл |
20.10-20.20 | Нээлт /зохион байгуулагч байгууллагын төлөөлөл/- Гэрэл унтраах арга хэмжээ |
20.20-20.30 | “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ” видео мэдээлэл |
20.30-20.50 | Хүүхдийн циркийн үзүүлбэр |
20.50-21.00 | “Гялгар уут нь байгальд болон уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?” видео мэдээлэл |
21.00-21.30 | Хөгжөөнт тэмцээн |
21.30-21.45 | Гэрэл асаах, хаалт |