Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ай Ти Эм" аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн нэн чухал салбар болж, 2017 оны байдлаар 1,3 их наяад хүмүүс аялал хийж, жил бүр энэ нь 4-6%-иар нэмэгдэж, дэлхийн ДНБ-ийн 10,4%-г энэ салбараас олж, бүх ажлын байрны 10/1 нь чухамдаа энэ салбарт хамаарагдаж байна. Харин Монгол улсад 2018 онд 529,370 гадаад жуулчид хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 11%-аар өсч, бид анх удаа хагас сая илүү гадаадын жуулчид хүлээн авсанаар 569,542,966 ам.долларыг аялал жуулчлалаас олж, өмнөх оноос энэ тоо 29,6%-аар өссөн гэдгийг онцоллоо. Тэрбээр төрөөс аялал жуулчлалын салбарыг шат дараатай дэмжиж ажиллах бөгөөд энэ салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулж буй нэг дор 100-с дээш зочин хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз, амралтын газруудад “Ногоон зээл” олгоно гэдгийг хэллээ. Мөн аялал жуулчлалын салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудалд анхаарал хандуулж 21 аймагт аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Энэ салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс тус сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэдгийг дуулгасан юм.
Эдүгээ дэлхийн аялал жуулчлалын ерөнхий хандлага нь Ази тив рүү өсөн нэмэгдэж, Ази Европийг холбосон аялагчдын зам улам эрэлттэйгээр өргөжин тэлж байна. Иймээс Монголын аялал жуулчлалын хөгжил нь зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутгийн, нүүдлийн соёл иргэншилт улс орнуудын, хоёр их гүрэн улсуудын дунд стратегийн чухал ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болж буй өнөө үед бид жуулчдын тоогоо жил бүр нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг тодотгож байлаа.