Эрүүл мэндийн газар. Дундговь аймагт ажлын айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн баг Гурвансайхан суманд ажиллаж Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Инээмсэглэл, Эерэг хандлага-Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нийгмийн эрүүл мэндийн өдөрлөгт оролцож, мөн говийн хөдөөгийн нөхцөлд айл өрхийн цэвэр, бохир ус, дулаан, ариун цэврийн байгууламжаа шийдсэн шийдэлтэй газар дээр нь очиж үзэж танилцсан юм.
Тус албаны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Лхагвадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, ЭМГ-ын мэргэжилтнүүд дагалдан ажиллаж, Гурвансайхан сумын ИТХ-ийн дарга Р.Сүхбаатар, сумын Засаг дарга Л.Өлзийбат, эрүүл мэдийн төвийн дарга Э.Одончимэг нар хүлээн авч, сум орон нутгийнхаа шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг танилцуулсан байна.
“Инээмсэглэл, Эерэг хандлага-Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нийгмийн эрүүл мэндийн өдөрлөгт оролцож буй иргэдэд ДЭМБ-аас өрхийн эмийн санг бэлтгэн өгч, нийгмийн эрүүл мэндийн өдөрлөгийн хэсэг болох “Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” зэрэг үйл ажиллагаа болжээ.