Боловсрол, соёл урлагийн газар. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус наадамд Дундговь аймгаас авьяастан, зохион байгуулагч нийт 50 хүн очиж, 5 төрөл тус бүрт оролцсон байна. Их наадмыг ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж шилдгүүдийг шалгаруулжээ.
Дундговь аймгаас хамтлаг дууны төрөлд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны хамтлаг хоёрдугаар байр, цөөхүүл дууны төрөлд “Мандал” сургуулийн сурагч Б.Чулуунцэцэг, “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Ж.Үржинханд нар хоёрдугаар байрыг эзэлж, Дундговь нутгийнхаа нэрийг Азийн хэмжээнд дуурьсгаж чадлаа.
Ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, соёл, урлагийн газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр ажилласөн бөгөөд энэхүү амжилт гаргахад МУГЖ Ж.Дүнжмаа, МУСГЗ Г.Дадьсүрэн, МУГЖ Х.Цэрэнчимэд, МУСТА Б.Эрдэнэбаяр, ардын авьяастнууд, эцэг эхчүүд, хамтарч ажилласан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага хамт олны хувь нэмэр их байсан аж. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.