Ардын хувьсгалын 98 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 78 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Гурвансайхан сумын харьяат аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Э.Золбоот үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат аймгийн арслан Б.Амгаланбаатар, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан нар шалгарлаа. Мөн Луус сумын заан С.Лундаа, Өлзийт сумын заан С.Баттүвшин, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан н.Ганзориг нар тав давж, аймгийн начин цолны болзол хангав. Цолны болзол хангасан бөхчүүдэд Засаг дарга О.Бат-Эрдэнэ цолыг гардуулан өгч, шөвгөрсөн болон үзүүр, түрүүний бөхчүүдэд нутгийн удирдлагууд шагналыг гардуулан өглөө.
Мөн Үндэсний бөхийн барилдаанд өсвөрийн 32 бөх зодоглосноос Гурвансайхан сумын харьяат А.Дүгэрсүрэн түрүүлж, Адаацаг сумын харьяат Л.Алтанхундага үзүүрлэсэн бөгөөд шөвгийн дөрөвт Сайнцагаан сумын харьяат Ц.Баасанрагчаа, Адаацаг сумын харьяат А.Бат-Очир нар шалгарчээ.