Герман улсын сайн дурын ажилтан, ахмад мэргэжилтэн хатагтай Зонтаг Аугенштайн Дундговь аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд оёдол эсгүүрийн чиглэлээр энэ сарын 09-ний өдрөөс эхлэн 21 хоногийн турш ажиллана.
Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь энэ хичээлийн жилд Германы Ахлах Мэргэжилтний албанаас оёдол, барилгын засал чимэглэл, барилгын цахилгааны мэргэжлийн зөвлөх багш нарыг урьж ажиллуулахаар болжээ. Тус байгууллага нь хөгжиж буй орнуудад олон жил ажилласан, дадлага туршлагатай зөвлөх багш нарыг илгээн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг аж.
Өнөөдөр ахмад мэргэжилтэн Зонтаг Аугенштайн болон МСҮТ-ийн удирдлага, багш, суралцагчдыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагаа, хичээл сурлагад амжилт хүслээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багш нар туршлага судлах, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, сургалтын чанарыг улам сайжруулах боломж бүрдэж байгааг Дундговь аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирал Ю.Цолмон онцолсон юм.
Түүнчлэн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд энэ хичээлийн жилд 14 мэргэжлийн чиглэлээр 320 гаруй суралцагч шинээр элсэн суралцаж байна.