“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд Дэлхийн багш нарын баяр,Монголын багш нарын баярын өдөр, Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг угтан Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран өнөөдөр боловсрол, соёл, урлаг, спортын байгууллагуудын “Нээлттэй мэдээллийн өдөр”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Сайнцагаан сумын цэцэрлэг, сургуулиуд, Төв халхын дуулалт жүжгийн театр, Музей, Төв номын сан, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар нийт 19 байгууллага оролцон өөрсдийн үйл ажиллагаа танилцуулсан юм. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл нар оролцов.
Өдөрлөгөөр дамжуулан 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн харилцааг нэмэгдүүлэх, сургалтын байгууллагуудын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох боломжийн бүрдүүлсэн байна.
Түүнчлэн тус өдөрлөг нь аймаг төдийгүй 15 суманд зэрэг болж буйгаараа онцлог юм.