Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй Үндэсний бөхийн 2019 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо нээлтээ хийлээ. Тус тэмцээн нь 1964 оноос хойш болж буй бөгөөд анх удаа Дундговь аймагт зохион байгуулж байгаа юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн 90 бөх эр бяраа сорин барилдаж байна. Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө, орулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний бөхийн холбооны Нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, Дундговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн О.Ганбат, Биеийн тамир, спортын газрын дарга М.Наранбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн ТХДЖТ-ийн уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барьжээ.