БНХАУ-ын Эксим банкны 113,04 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 5,95 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Мандалговийн 330 квт-ын 250 км урт цахилгаан дамжуулах шугам, хоёр дэд станцыг ашиглалтад оруулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
“Мандал” дэд станц ашиглалтад орсноор өмнөд бүсийн эрчим хүчний хангамж найдвартай болж, Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон бусад уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн БНХАУ-ын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах, цахилгаан эрчим хүч экспортлох нөхцөл бүрдсэнээрээ онцлог аж.
Тус ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд “ТВЕА” компани нь туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж гэрээ байгуулсан компаниудын хамт хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ёслолын ажиллагааны үеэр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: “Дундговь аймгийн хувьд эрчим хүчний 2 талын найдвартай эх үүсвэртэй болж, аймгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ихээхэн ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч эхлэх ба хойд, урд хөрш орнуудад эрчим хүч экспортлох боломжтой болох цаашлаад Өрнө, дорныг холбосон уртрагийн цахилгаан шугам сүлжээг үүсгэх эхлэл тавигдаж байна” хэмээн онцлов.