Өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн 2016-2019 оны тестийн сан бүхий програм хангамжийг ашиглах гурван сарын эрхийг гардууллаа.
Тус програм хангамжийг ашиглах нэг хүүхдийн сарын эрх нь 5000 төгрөг бөгөөд 12 дугаар ангийн 442 хүүхэд, тэдэнд хичээл ордог 114 багшид програмыг 3 сарын хугацаанд ашиглах эрхийн төлбөрийг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэсэн байна.
Шинэ төрлийн Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа билээ. Хорио цээрийн дэглэмтэй энэ үед програм хангамжийн “ECM” ХХК-тай хамтран төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад онлайнаар бэлтгэх боломжийг олгож буйгаараа онцлог юм.