Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл нь Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж шаардлагын хүрээнд хуралдах орчин нөхцөлөө бүрдүүлж 66.6 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2019 оны ажлын тайлан, 2020 оны төлөвлөгөөг хэлэлцэж, 2019 онд уул уурхайн салбар дээр улсын үзлэг зохион байгуулсан нэгдсэн үнэлгээ, зөвлөмжийг танилцуулсан юм.
Мөн эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаанд ирүүлсэн 9 байгууллагын материалтай танилцан 1-3 хүртэлх байгууллага шалгаруулахаар шийдвэрлэсэн байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сурталчлах сар болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2020 онд “Ажлын байрны дарамт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх чиглэл ирсний дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, онлайн сувгуудыг ашиглан зохион байгуулахаар болжээ.