Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн багийнхан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
Эдийн засгийн томоохон түлхэц болох мал аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүүний үйлдвэрийг хөгжүүлэх, улмаар үйлдвэрийн өрсөлдөх чадвар, экспорт, ажлын байр бий болгоход төслийн зорилго чиглэж байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Тус төслийн хүрээнд орон нутагт хонины ноос бэлтгэх олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах” сургалтыг зохион байгуулж, хонины ноосыг цахилгаан машинаар хяргах, ангилан ялгах, боох, үндэсний үйлдвэрт нийлүүлэх, зардал-өгөөжийг тооцох ур чадварыг хоршооны гишүүдэд эзэмшүүлэх юм. Энэхүү сургалтад хамрагдсанаар иргэд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа орон нутгийнхаа бусад малчдад заах, түгээн дэлгэрүүлэх замаар хонины ноос бэлтгэх олон улсын туршлагыг нэвтрүүлэх томоохон боломж нээгджээ.
Түүнчлэн хонины ноос бэлтгэх ажилд цахилгаан машин ашигласнаар ноосны гарц нэмэгдэх, ноос бэлтгэлийн чанар сайжрахын зэрэгцээ зардал буурах, орон нутагт ноосны нэмүү өртгийн сүлжээнд шинэ бизнесийн загвар, шинэ ажлын байр бий болох, ноос бэлтгэлийн чанар болон ба мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх юм.