Коронавирусийн халдвараас шалтгаалан хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын хугацаа дөхөж байгаатай холбогдуулан Боловсрол, соёл урлагийн газраас энэ жил ЭЕШ өгөх 411 сурагчид шалгалтдаа цахимаар бэлдэх боломжийг олгох зорилгоор Мобиком компанитай хамтран ажиллаж байна.
Онлайнаар шалгалтад бэлтгэхэд интернет сүлжээний асуудал тулгарч байгаа тул Боловсрол, соёл урлагийн газар, Мобиком компанийн аймгийн салбартай гэрээ байгуулж Сайнцагаан, Гурвансайхан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумдын 12-р ангийн 411 сурагчид сар бүр 9GB дата эрхийг үнэ төлбөргүй ашиглаж шалгалтдаа бэлтгэх зохицуулалтыг хийж сурагчдаа дэмжин ажиллаж байна. Мөн сумдад байгаа төгсөх ангийн сурагчид сумдынхаа Мобикомын агент үйлчилгээнээс дээрх дугаарыг үнэ төлбөргүй авах боломжтой юм.