Өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж нар 2019-2020 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа 5 бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,461,2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Сайнцагаан сумын 150 ортой 1-р цэцэрлэгийн барилгын ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү цэцэрлэг нь Дундговь аймгийн анхны хэрэглээний халуунустай, бүрэн камержуулсан 6 анги танхим, урлаг, спортын зал бүхий цэцэрлэг юм. Тус ажлын гүйцэтгэгчээр "Эйч ар ви констракшн" ХХК ажиллаж байна.
Мөн улсын төсвийн 2,176,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий аймгийн төвийн 2,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Дэвжих-Эрдэнэ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хажуугаар нь дугуйн зам, явган хүний зам хийхээр төлөвлөж байна. Ингэснээр Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орох юм.
Түүнчлэн 8,620 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 100 ортой аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил бетоноо цутган 15 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 34.0х24.0м хэмжээтэй, цутгамал төмөр бетон хавтан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, зоорьтой, 6 давхар барилга бөгөөд эмнэлгийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулна.
Улсын төсвийн болон аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2,450,467,195 төгрөгийн төсөвт өртөг бүхий Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг дуусгах болон 1,230,0 сая төгрөгийн өртөгтэй Ахмадын хөгжлийн төвийн барилга угсралтын ажилтай танилцан ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.