Канад улсын MERIT төслөөс Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтийн дагуу энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Дроны зураглал ба боловсруулалт” онол, практик суурилсан эрчимжүүлсэн сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа. Сургалтад Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.
Тус сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, Монгол улсын их сургуулийн Газарзүйн мэдээллийн систем, байгаль орчны зайны тандан судлалын лабораторийн ахлах багш Ч.Болорчулуун нар удирдан явуулав. Сургалтын үеэр оролцогчид Дроны бүтэц, аюулгүй ажиллагааны дүрэм журамтай танилцаж, НАТ-ийн нислэгийн төлөвлөгөө боловсруулж үүний дараагаар Дроноор газрын зураг авах хээрийн нислэг үйлдэж, зургийн боловсруулалт хийжээ.
Энэхүү сургалтын үр дүнд, байгаль орчны мэргэжилтнүүд техник технологийн давуу талыг ашиглан байгаль орчны бүх төрлийн тандалт, судалгаа хийх чадвартай болохоос гадна газар ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх чадвартай болох юм.