Өнөөдөр болсон аймгийн багш нарын 72 дахь удаагийн бага хурлаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн баталлаа.
Шинэ хичээлийн жилд “Хүүхдийн сурах үйлийг дэмжиж, сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлжээ. Тус зорилгыг хангах чиглэлээр есөн зорилтыг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн чиглэлийг бага хурлын тогтоолоор батлан гаргасан байна.
Мөн бага хурлаар 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийн үр дүн, ЭЕШ-ын үнэлгээ, анхаарах асуудал, боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудал болон бага боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, сурах бичиг, хамран сургалт зэрэг асуудлыг хэлэлцжээ.