Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Канад улсын Мерит төслөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн судалгаа, хөгжлийн төв ТББ хамтран “Хариуцлагатай уул уурхай ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын холбогдох албан хаагчид, 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.
Тус сургалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”, “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”, “Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд мөрдөх журам” зэргийг танилцуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн зохицуулалт, шинэчлэн батлагдсан “Байгаль орчны аудит хийх эрх олгох журам, аргачлал”-ын зохицуулалт, олон улсын туршлага болон анхаарах асуудлуудын талаар, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан, бодит жишээ авч багаар хамтран ажиллаж, санал солилцсон байна.
Мөн орон даяар явагдаж буй “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд орон нутагт нөхөн сэргээлтийн үйл явцыг эрчимжүүлэх, хүлээн авах актын бүрдлийг хангах, эвдэрсэн газрын тооллого судалгааны тоон мэдээллийг шинэчлэх талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл хүргэжээ.