Өнөөдөр MERIT төслөөс Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд хийсэн Хүний нөөцийн суурь судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн нарт хүлээлгэн өглөө. Тус судалгаа нь Монгол улсын хэмжээнд анх удаа хийгдэж буйгаараа онцлог юм.
Энэхүү судалгаа нь аймгийн хэмжээнд хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулахад шаардагдах суурь болох бөгөөд судалгааг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар MERIT төслийн дэмжлэгтэйгээр VMLY&R Mongolia ХХК/KANTAR олон улсын судалгааны төслийн багтай хамтран таван сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Судалгаагаар хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулахад шаардагдах суурь мэдээлэл буюу хүний нөөцийн одоогийн нөхцөл байдал, цаашид сайжруулах чиглэл, төрийн албан хаагчдын ур чадварыг үнэлэх арга зам зэргийг нарийвчлан судалсан юм.
Түүнчлэн есдүгээр сарын 28, 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтэс агентлагуудын удирдлагууд, хүнийн нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулан судалгааны тайлан, үр дүнг хэлэлцлээ. Энэ үеэр хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулахад суурь мэдээлэл, үндэслэл болсон цаг үеэ олсон судалгаа боллоо гэж Дундговь аймгийн албан хаагчид дүгнэсэн байна.