Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 278-р байгууламж дээр очиж үйл ажиллагаа, ажил байдалтай нь танилцлаа. Уг байгууллага нь зэвсэгт хүчний ар тал, нөөцийн чиглэл, агаарын хилийн халдашгүй тайван байдалд хяналт тавин ажилладаг бөгөөд 1992 оноос байнгын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
278-р байгууламжийн төв байр ашиглагдах боломжгүй болсон учир буулгаж түүнээс гарсан материалаар өөрсдийн хүчээр 8 айлын орон сууц барьж ажилчидаа оруулсан бөгөөд одоо хуучин байр байшингаа түр зуурын байдлаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Шинээр ажлын байр барих асуудлыг хуучин байшингийн суурин дээрээ бариулахаар тооцоо судалгааг гаргаад, зураг төслийн хэмжээнд явагдаж, удаашралтай байгаа тул аймгийн шинэ удирдлагуудаас энэ тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагын зүгээс манай байгууллагатай уялдаа холбоо муутай, гадны байгууллага мэт байдаг, хэдийгээр босоо удирдлагатай байдаг ч манай албан хаагчид энэ орон нутгийн хүмүүс, цаашид та бүхэнтэй хамтарч ажиллана гэдгээ тус ангийн захирагч Д.Ганболд илэрхийлж байв.
Засаг дарга Ц.Мөнхбат хэлэхдээ: “Ажлаа аваад байгууллагуудаар явж, та бүхнийг ямар орчин нөхцөлд ажиллаж байна, ямар санал бодолтой байна гэж танилцаж байна. Та бүхэн өөрсдийн хүч бололцоог ашиглан орчин нөхцөлдөө анхаарч, байгууллагын өнгө үзэмжээ засч сайжруулан маш их зүйл хийсэнд тань талархаж байна. Байгууллагын удирдлага санал санаачлага гаргаад ажиллавал юмханаар юуг ч хийж болохыг танай байгууллагаас харлаа. Бид цаашдаа Дундговь аймгийн хөгжлийн бодлого боловсруулах, ард иргэд, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн байдалд анхаарал хандуулах ийм үүрэг хүлээгээд бид ажиллаж байна. Та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллах болно” гэв.