Дундговь аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулан Татварын хэлтэс, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нарыг нэмэн өргөтгөж, шинэчлэн томилон, энэ сарын 14-ний өдөр хуралдлаа. Хурлаар аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ оны 12 дугаар сарын 16-наас нэгэн зэрэг эхлүүлэхээр болжээ.
Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 50 орчим хувь нь оторт яваа, мөн цар тахлын халдвар дэгдсэн энэ онцгой нөхцөлд сумдад тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл бүхий Засаг даргын албан тоот, Засгийн газрын тогтоол, Үндэсний статистикийн хорооны тушаал, зөвлөмжийг хүргүүлж, сумдын удирдлагууд, статистик хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгуулах чиглэл өгсөн байна.
Аймгийн комиссын бүрэлдэхүүн бүхий хяналтын тооллогын ажлын хэсгийг отрын бүсэд 4 чиглэл, сумдад 3 чиглэл нийт 7 чиглэлд хяналт хийж ажиллуулахаар боллоо.