Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.
Дундговь аймгийн Прокурорын газар нь 1942 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ оны байдлаар 20 албан хаагчийн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой 2020 онд тохиосон бөгөөд ойн арга хэмжээний хүрээд ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулжээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.
Тус байгууллагын зүгээс бусад орон нутгаас ирж ажиллаж буй албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах, албаны орон сууцны асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг аймгийн удирдлагуудад тавьсан юм. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат томилогдож ирсэн албан хаагчдын нэгдсэн судалгааг гаргаж өгөх шаардлагатай ба гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаар санал сэтгэгдлээ илэрхийлж, цаашид улам эрчимжүүлэх, чанаржуулах талаар анхаарч ажиллахыг хүссэн юм.