АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (@USAID) –ийн санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хотууд болон Дорнод, Орхон Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс зэрэг байгалийн гамшигт өртөмтгий таван аймагт өнөөдөр цахимаар нээлтээ хийлээ.
Дэлхийн Зөн-Монгол Олон Улсын Байгууллагын АНУ-ын ОУХА-тай хамтарсан энэхүү төсөл нь гамшгийн эрсдэлийн менежментийн бодлогод, Үндэсний болон орон нутгийн төвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагыг төлөөлж Үндэсний захирал Б.Болорцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нартай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Мөн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжиж, орон нутгийн малын өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах болон тогтвортой мал аж ахуй эрхлэх малчдын чадавхыг бэхжүүлэх аж.