Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 онд хийж хэрэгжүүлсэн болон 2021 онд хийхээр төлөвлөөд байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Тус газар нь орон нутагт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлж хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэн аймгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн чухал үүрэг хүлээсэн мэргэжлийн байгууллага юм.
2020 онд газрын төлбөрийн орлого 240 сая төгрөг төвлөрүүлэхээс 351 сая төгрөг, 2020 онд газрын дуудлага худалдааны орлого 171 сая төгрөг төвлөрүүлэхээс 229 сая төгрөг, 2016-2020 онд нийт 1,2 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажилласан байна. Мөн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, 15 сумын төвийн хаягжуулалтын ажил, газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын ажил, сумын хилийн цэсийг кординатжуулж, багийн хилийн заагийг батлуулж, geonet-дундговь аппликейшныг нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Цаашид газрын цахим бирж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Вертуал реалити технологи ашиглан иргэдэд хүргэж төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой ажиллаж байна.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь хийж хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэлээрээ аймаг, болон салбартаа тэргүүлж шилдэг байгууллага, шилдэг ажил үйлчилгээ, шилдэг ажилтан зэрэг олон шагналуудыг хүртсэн чадварлаг мэргэжлийн хамт олон юм.