Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Хулд сумын төрийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцаж төрийн албан хаагчидтай уулзаж санал солилцлоо.
Хулд сум нь нийт 2437 хүн амтай, 121 төрийн албан хаагчтай бөгөөд ЗДТГ нь 28 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж сумын төвийн халаалтын дэд бүтцийг шийдвэрлэн 2020 онд нэгдсэн халаалтад холбогдсон байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс шинээр 10 ортой эрүүл мэндийн төвтэй болж байгаа. Төрийн албан хаагчийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байгууллагын орон сууцанд 5 албан хаагчийг түрээсийн төлбөргүй байрлуулж, цэцэрлэгээс бусад байгууллагууд автомашинтай болжээ.
Цаашид хөдөөгийн багуудад жилд нэг удаа төрийн үйлчилгээг явуулын байдлаар газар дээр нь хүрч ажиллахаар төлөвлөж, төрийн албан хаагчдыг ажлын байран дээрээ суралцах, орон сууцны нөхцөлөөр хангах, ипотекийн зээлд хамруулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Хулд сумын малчидаас өөрийн аймаг болон өөр аймагт 195 өрх отроор яваа бөгөөд нийт малчдын 50% нь өөрийн орон нутагтаа өвөлжиж байна.
Цаг хүндэрч байгаа тул аймгийн зүгээс анхаарч өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн төсөв дээр сумын ерөнхий төлөвлөгөөг батлуулж өгөх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар тусгасан бөгөөд ЗДТГ-ын байрыг шинээр барих ажилд дэмжлэг шаардлагатай байгаа талаар сумын удирдлага танилцуулсан байна.