Соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, аймаг орон нутагт соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эрчимжиж байгаатай холбогдуулан Соёлын яамны удирдлагууд энэ долоо хоногт Дундговь аймагт ажиллалаа.
Соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчид сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой өсөж, тэр дундаа соёлын төв, ордны үзэгчид соёл урлагийн байгууллагын нийт үзэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа юм. Гэсэн ч зарим аймаг, сумдад соёлын төвүүдийн барилгын засвар, багтаамж зэргээс үүдэн соёлын хүртээмж харилцан адилгүй байна.
Жишээ нь, Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр"-ын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгөөгүйгээс үүдэн өнөөг хүртэл дуусаагүй байна. Олон жилийн хугацаанд барилгын ажил зогссон тул суурь, шалны бетон, арматур зэрэг барилга угсралт хийгдсэн хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай болсон бөгөөд Ажлын хэсэгт багтаж Дундговь аймагт ажилласан Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд театрын барилгын дүгнэлтийг гаргахаар болсон юм.
Ингэснээр барилгын хийц бүтээцийн, чанарын, техник хяналтын, төсвийн зэрэг бүх дүгнэлтүүд нэгтгэгдэн “Төв халхын дуулалт жүжгийн театр"-ын барилгын ажлыг түргэтгэх боломжтой болж байна.
Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр орон нутагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар Аймгийн удирдлагуудтай дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлэхээр боллоо.
Мөн Дундговь аймагт ажилласан Ажлын хэсгийнхэн аймгийн номын сан, Аймгийн музей, “Төв халхын дуулалт жүжгийн театр" болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраар орж, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, зарим асуудлыг дэмжиж, шийдвэрлэхээр болов.