Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг мах-ноосны чиглэлийн омог болгон баталгаажуулсан билээ. Тус омгийн гэрчилгээг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нарт гардууллаа. Түүнчлэн тэмээн сүрэгт явуулах үржил селекцийн ажлын таван жилийн хөтөлбөрийг мөн хүлээлгэн өгсөн юм.
Олдохын хүрэн бор тэмээг зуугаад жилийн өмнөөс Олдохын хийдийн торгон сүрэг буюу бурхны сүрэг нэртэйгээр ардын селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтатган судлан, хөгжүүлж ирсэн байна. Олдохын хүрэн бор тэмээний 60 гаруй хувийг хүрэн бор зүс, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн хэсгийн тэмээнээс ялгагдах шинж чанартай, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг аж.