Дундговь аймгийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн Д.Очирхуяг багштай 2004 оны төгсөлтийн 10б ангийн хамт олон төрөлх сургуулийнхаа Мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус танхимыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, 10б ангийн төгсөгч Ө.Шижирийн санаачилгаар тохижуулсан бөгөөд 85 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 30 ширхэг i5 үзүүлэлттэй иж бүрэн комьпютер, 30 ширээ, сандал зэрэг нийт 62 сая төгрөгийн тохижилтыг хийсэн байна.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Уранбямба болон сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус танхимыг тохижуулсан ангийн хамт олонд талархал илэрхийлж, хүүхэд залуусын сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөнөөр техник, технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхах, Үндэсний хэмжээнд өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгч буй томоохон хөрөнгө оруулалт боллоо хэмээн онцолсон юм.