Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт болж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо.
Үндэсний шилдэг багш шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш оролцсон бөгөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Хүмүүнлэг" сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш Дашзэвэгийн Отгонсүрэн, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгэм судлалын багш Отгондоржийн Цэрэндолгор нар Үндэсний шилдэг 50 багш нэгээр тус тус шалгарчээ.
Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.