Бизнесийг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар Канад улсын санхүүжилттэй MERIT төсөлтэй хамтран орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай холбох, цаашдын хамтын ажиллагааг бий болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хүрээнд MERIT төслөөс Дундговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийн бизнесийн удирдлагын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, тэднийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Модуль II” сургалтыг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Сургалтад аймгийн төвийн болон уул, уурхай байршдаг сумдын хүлэмжийн аж ахуй, арьс, шир боловсруулалт, сүү сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, махны худалдаа эрхлэгч болон хувцасны брэнд, оёдол, гутал үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа зэрэг 15 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг хамруулж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндийн удирдлага, интернет худалдаа, цахим сурталчилгаа зэрэг маркетингийн удирдлага, төлөвлөлтийн талаар болон бизнес төсөл боловсруулах, цаашлаад санхүү, хөрөнгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголтыг олгожээ.
Энэхүү сургалтын хаалтын ажиллагаан дээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат MERIT төслийн хамт олонд талархал илэрхийлж, Дундговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид хамтын ажиллагааг бий болгосноор илүү өргөн цар хүрээтэй ажиллах, борлуулалт, нийлүүлэлтийг өсгөх боломжтой бөгөөд бизнес эрхлэгчдээ ажлын байраар дэмжих боломж байгаа гэдгийг онцлов.