Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат "Дундговио ногооруулъя" хөтөлбөрийн хүрээнд “Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо” НҮТББ -ийн тэргүүн Д.Наранцогт , Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Б.Туяагэрэл нартай санал солилцон, ногоон үйлдвэрлэл сонирхогч аж ахуй нэгж, хувь хүмүүст зориулж, мод бут үржүүлэг болон хүлэмжийн аж ахуй газар тариалан эрхлэх, говийн ашигт ургамал, эмийн ургамлыг үйлдвэрлэл, биотехнологийн аргаар тарьж, хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг сэдвээр 2 дахь шатны сургалтыг 10-р сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөв.
Өмнөх хаврын сургалтад сумдаас 70 гаруй иргэд оролцсон ба хүлэмжийн болон гэрийн нөхцөлд ногоон аж ахуй эрхлэх, мод бут тариалах аргыг заан сургаж, практик дадлага зохион байгуулсан бөгөөд сургалтад хамарсан иргэдийн 60-70 орчим хувь нь хөтөлбөрийн хүрээнд олгосон төрөл бүрийн үр бордоо, суулгацыг ашиглан нарийн ногоо болон хүнсний ногоо, мод бутыг орон нутагтаа амжилттай тариалан ургуулсан үр дүнтэй байна.
Энэ удаагийн сургалтад МУИС-ийн Химийн факультетийн дэд профессор, нутгийн залуу эрдэмтэн Б.Туяагэрэл болон түүний багийн судлаач эрдэмтэд хамтран оролцож буйгаараа онцлог юм. Тэрбээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан , УИХ гишүүн асан С.Батмөнх гуайн охин бөгөөд БНСУ-ын Инжэ Их Сургуульд “Монголын унаган ургамал болох хөмүүлээс биологийн идэвхт нэгдэл ялган авах судалгаа"-р докторын зэрэг амжилттай хамгаалсан байна.
Мөн уулзалтын үеэр Өндөршил сумын 7-р ангийн сурагч Наранмандахын Дашням гэр бүлийн хамт 2021 оноос эхлэн хөх аргалаар хүж бордоо, мөн нутгийн хөмүүл , ахуйн нөхцөлд газрын алим тарьж 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг танилцууллаа. Тэрээр нутгийн нэрээр “Бөхт эрдэнэ” хэмээн бүтээгдэхүүнээ нэрлэсэн бөгөөд Даша-гийн брэнд үүсгэхээр зорьж буйгаа илэрхийлсэн юм.
Дундговийн ирээдүйн эко үйлдвэрлэгч болох зорилготой бяцхан охин өөрийн бүтээгдэхүүнээс Улаанбаатарт борлуулсан орлого болон гэр бүлийн гишүүдийн дэмжлэгийн хамтаар 10,000 ширхэг амны хаалтыг коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд нэмэр хандив болгон аймаг орон нутагтаа хандивлав.
Түүнийг хөдөлмөрт сурган, дэмжсэн багш нь “Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо” НҮТББ -ийн тэргүүн , Өндөршил сумын уугуул Д.Наранцогт аж.