Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан Дундговь аймагт ажиллаж, аймагт оношлогдсон малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний халдварын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.
Тэрээр есдүгээр сарын 21-ний өдөр болсон аймгийн Онцгой комиссын 23 дугаар хуралд оролцож, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, цаашид малчид, мал бүхий иргэдэд гарч болзошгүй эдийн засгийн хүндрэлийн талаар мэдээлэл хийлээ. Малчид, мал бүхий иргэд мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд идэвхитэй хамрагдах, холбогдох хууль, журам, зааврыг мөрдлөг болгож хэвших, малын гоц халдварт өвчнийг хамтын оролцоотойгоор даван гарах шаардлагатай байгааг сумдын Засаг дарга нарт онцолж хэлэв.
Аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж, халдварын гаралтыг хяналтад аван ажиллаж байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар өвчний голомттой сумдаас амьд малын шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлаад байгаа тул малчид, мал бүхий иргэд хорио цээрийн үеийн дэглэмийг мөрдөж, малын хөдөлгөөн хийхгүй байх, шаардлагатай үед мал эмнэлгийн гэрчилгээ авч, өвчний эрсдэлгүй аймаг, сум, бүс нутагт отор нүүдэл хийж байхыг анхааруулж байна.
Мөн аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийг үндэслэн а/350 дугаар захирамжийг гаргасан бөгөөд захирамжийн хүрээнд хорио цэрийн дэглэмийн дараах малын гоц халдварт өвчний идэвхгүй тандалт хийх, эрсдэлийг үнэлэх ажлын хэсгийг ажиллуулан, малчин нэг бүртэй хариуцлагын гэрээ байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.