Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хурал цахимаар болон танхимаар 70 хувийн ирцтэй хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр буцалтгүй тусламж үзүүлэх, коронавируст цар тахалтай тэмцэх арга хэмжээнд зардал гаргах болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.
Хурлаар элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Ц.Сэвжиджалмаа, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Б.Одончимэг нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Монголын Ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан дөрвөн ахмадад аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгийг олгохоор болжээ. Түүнчлэн хурлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн сургалт болон 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэрлэв. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 1-ээс 13-ны өдрүүдэд Гурвансайхан, Өлзийт, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдад зохион байгуулах аж.