Монголын уран сайхны “Говийн зэрэглээ” киноны зургийг одоогоос 41 жилийн өмнө Дундговь аймгийн Хулд суманд авсан төдийгүй киноны гол үйл явдалд холбогдох тэр үеийн Холбооны салбарын байшин одоо ч тус суманд бий.
Дундговь аймгийн Хулд сумын унаган хүү Н.Баасанхүүгийн санаачлагаар “Говийн зэрэглээ” кинонд гардаг холбооны жижиг барилгыг “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх санааг агуулсан төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоотой дэмжлэг, хандиваар хэрэгжүүлж, нээлтийн арга хэмжээ 9 дүгээр сарын 30-нд Хулд сумын төвд боллоо.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, ШХА-ын хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэнд” “Ногоон алт” төслийн ерөнхий менежер Ц.Энх-Амгалан, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, төслийг санаачлагч, “Ногоон алт” төслийн зөвлөх Н.Баасанхүү, тус төвийг дэмжин хамтран ажиллах малчид, тэмээчид оролцжээ.
Төслийн хүрээнд хамтран ажиллах 50 малчинд тус бүр 300,0 мянган төгрөгийн үнэ бүхий ингэний айраг исгэх модон ган, саалийн хувин, сүү, хоормогоо тээвэрлэх 40 литрийн бидон, ингэ саах саалийн хувингийн бэхэлгээг хүлээлгэн өгсөн юм.
Аялал жуулчлалын төв нь кофе шоп, орчин үеийн интернэтийн сүлжээ бүхий цахим төхөөрөмж, компьютер тоноглолоор бүрэн тоноглогдсоноос гадна тус байранд “Говийн зэрэглээ” киноны үйл явдлыг харуулсан сурталчилгааны самбар, холбогдох эд зүйлсийг байрлуулж, гадна талбайд киноны гол дүр болох “Арслангийн трактор”-ыг бодитоор байрлуулсан нь онцлог аж.