Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн санаачилгаар Хүмүүнлэг ЕБС-ийг түшиглэн урлагийн төрөлжсөн анги, МСҮТ-ийг түшиглэн урлагийн төрөлжсөн сургууль нээх ажлын хүрээнд Хүмүүнлэг сургууль, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр хамтран Дундговь аймагт анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээлээ.
Урлагийн бүх салбарт чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилготойгоор тус төрөлжсөн ангийг нээж байгаа бөгөөд урлагаар хичээллэх сонирхолтой сурагчдын эцэг эхтэй зөвлөлдсөний үндсэн дээр 11 настнуудыг сонгон суралцуулахаар болж Хүмүүнлэг сургуулийн 6-р ангийн Б бүлгийг 29 сурагчтай шинээр байгуулж урлагийн төрөлжсөн анги болголоо.
Тус төрөлжсөн ангийн сурагчид дуу, хөгжим, драм, бүжиг гэх мэт урлагийн бүхий л төрлийн суурь боловсролыг эзэмших бөгөөд мөн ерөнхий эрдмийн хичээлээ үзэх юм.
Дундговь нутгаас төрөн гарах урлагийн залуу хойч үеийг бэлтгэхээр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын багш нар ажиллана.