Монгол улсад суугаа Замын-Үүд дэх Ерөнхий консулын газрын Ерөнхий дэд консул Жан И Ши Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар 10 сарын 28-ны өдөр тус консулын газарт албан уулзалт хийв.
Энэ удаагийн уулзалтаар өмнө жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн ажлуудад дүгнэлт өгч мөн ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймагт айлчлах төлөвлөгөө хойшилсоор байгааг дурьдаж, цар тахлын аюулыг хамтдаа даван туулахыг уриалахын сацуу тус аймагт ковидын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал, мэдээлэл солилцлоо.
Цар тахлын нөхцөл байдалд өсвөр насны хүүхдүүдийн сурч боловсрох эрх ихээр зөрчигдөж байгаад, мөн хаврын шороон шуурганд Дундговь аймгийн малчид илүүтэй өртсөн тухай мэдээлэлд тулгуурлан ЕБС-ийн 40 сурагчдад зориулан 20 сая төгрөг, амьжиргааны түвшин доогуур 40 малчин өрхөд 20 сая төгрөгийн нийт 40 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хандивлав.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат Замын-Үүд сум дахь Ерөнхий консулын газрын хамт олонд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын ковид цар тахал болон цаг үеийн хүндрэлтэй үед удаа дараа тусламж үзүүлж байгаад аймгийн ард иргэдийн нэрийн өмнөөс гүн талархаж буйг илэрхийлсэн "ТАЛАРХЛЫН БИЧИГ", дурсгалын зүйлсийг гардуулж өгсөн юм.
Мөн цаашдын хамтын ажиллагаандаа цар тахлын улмаас эдийн засаг, бизнесийн салбарт учраад буй хохирол, уналтыг эргэн сэргээхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тус консулын газрын үйл ажиллагааны тойрогт Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорнод аймгууд багтдаг бөгөөд хоёр улсын орон нутаг, мужууд хоорондын хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёл боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан ба технологийн зэрэг олон талт салбарт хамтран ажиллах, ард түмний найрамдлын харилцааг өргөжүүлэхэд чиглэдэг юм.