Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпорацаас хамтран "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын говийн бүсийн дэд зөвлөлийн чадавх бэхжүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулснаар дэд зөвлөлийн гишүүдэд ил тод байдлын талаар шинэ мэдээлэл өгч, ойлголт, хандлагыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
Цахим сургалтад аймгийн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын дэд зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, дэд зөвлөлийн нарийн бичиг П.Очирбат, гишүүн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг, Луус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алдармаа, "Дундговийн амьдрал" сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн, Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Үнэн бэх" ХХК-ийн менежер Ц.Сайхан-Эрдэнэ оролцжээ. Түүнчлэн Дундговь төдийгүй Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын дэд зөвлөлүүд болон Уул уурхайн аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд оролцсон юм.